Вакцинжуулалтын талаарх мэдээлэл

​​Та вакцинжуулалтанд хамрагдах нь чухал

Вакцин хийлгэх нь өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг аюулт өвчнөөс хамгаалах энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Дархлаажуулалт гэдэг нь вакцин хийлгэсний дараа биед тухайн өвчний эсрэг дархлаа тогтох үйл явц юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр, дархлаажуулалт бол өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна амь насыг эрсдэлээс аврах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

Зарим вакцин нь ирээдүйд тусч болзошгүй эрсдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Жишээлбэл, хүний хөхөнцөр вирусийн (HPV) вакцин нь зарим хорт хавдрын эрсдлийг бууруулдаг байна.

Вакцин хийлгэснээр та өөрийгөө төдийгүй бусдыг хамгаалж байна гэсэн үг. Дархлаажуулалтын Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд зарим халдварт өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын Үндэсний Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаасаа асууж лавлах, эсвэл дараах цахим хаягаас авна уу. Australian Government website

​​

Вакциныг хэзээ хийлгэвэл зохих вэ?

Вакцинжуулалтад хамрагдсанаар амьдралын бүх шатанд тань эрүүл байхад туслах дархлаа бий болно.Таны нас, эрүүл мэндийн байдал, амьдралын хэв маяг, ажил мэргэжил зэргээс шалтгаалан танд хэрэгтэй вакцин харилцан адилгүй байдаг. Вакцинд хэзээ хамрагдах нь тохиромжтой талаар мэдээлэл авахыг хүсвэл Австралийн засгийн газрын вэбсайтаар зочилно уу.

Австрали улсын Дархлаажуулалтын Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд дараах тодорхой бүлгийн хүмүүс үнэ төлбөргүй вакцин хийлгэх боломжтой байдаг. Үүнд:

NSW-ийн Дархлаажуулалтын хуваарь дээрээс NSW мужид үнэ төлбөргүй байдаг вакцины мэдээлэл болон хэн хамрагдаж болох талаарх мэдээлэлтэй танилцаж болно.  

Вакцин хэрхэн нөлөөлдөг вэ?

Вакцин нь тарилга эсвэл ууж хэрэглэх хэлбэртэй байж болдог. Вакцин нь таны дархлааны системийг аюултай бактери, вирусыг таньж сургадаг бөгөөд ингэснээр таныг ирээдүйд халдварт өртсөн үед таны бие илүү хурдан, үр дүнтэйгээр уг халдвартай тэмцдэг.

Амь насанд аюултай өвчин тусахаас өмнө вакцин хийлгэснээр аливаа хүндрэлээс сэргийлж, амь насанд учирч болзошгүй эрсдлийг бууруулах боломжтой.

Вакцин хийлгэснээс хойш 1-3 долоо хоногийн дараа дархлаа тогтож эхэлдэг. Зарим вакцин хэд хэдэн тунгаар хийгдэж, удаан хугацааны дархлаа үүсгэдэг бол томуугийн вакцины дархлаа түр зуурынх байдаг тул жил бүр шинэчлэн хийлгэх шаардлагатай.

Вакцин хийлгэсэн ч COVID-19, томуу зэрэг өвчнөөр өвдөх боломжтой. Гэвч вакцин нь эдгээр өвчний хүндрэл, эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг.

Вакцин таныг болон таны ойр дотны хүмүүсийг хэрхэн хамгаалдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: healthdirect - ​Immunisation or vaccination - what's the di​fference?

Сүргийн дархлаа

Ихэнх хүмүүс дархлаатай болсноор (вакцин хийлгэсэн эсвэл өвчин тусаад эдгэсэн) тухайн өвчний тархалт багасдаг. Энэ үзэгдлийг сүргийн дархлаа гэж нэрлэдэг.

Сүргийн дархлаа тогтсоноор нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг шууд бус байдлаар хамгаалж байдаг. Эмзэг бүлэгт нярай хүүхдүүд, эрүүл мэндийн тодорхой хүндрэлтэй хүмүүс орно. Тиймээс вакцин хийлгэх нь таныг төдийгүй таны эргэн тойрны хүмүүсийг хамгаалж буй хэрэг юм.

Вакцины аюулгүй байдал

Австрали улсад, Эм, эмийн бүтээгдхүүнийг хянах газраас (TGA) бүх төрлийн вакциныг нарийвчлан шинжилж, аюулгүй ба үр дүнтэй болохыг баталсны дараа эмчилгээнд нэвтрүүлэхийг зөвшөөрдөг. Вакцинжуулалтын дараах аюулгүй байдлыг байнгын хянаж, гаж нөлөө болон сөрөг үр дагаврын талаарх мэдээлэл TGA болон AusVaxSafety системд бүртгэгддэг.

Вакцин нь бусад эмийн адил хөнгөн хэлбэрийн, түр хугацааны гаж нөлөө үүсгэдэг. Вакцин нь хүнд хэлбэрийн ноцтой гаж нөлөө үүсгэх нь ховор. Хэрэв та вакцин хийлгэсний дараа гарч болох эрсдлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл эрүүл мэндийн мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

Вакциныг хэрхэн хөгжүүлж, туршиж, хянадаг талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу.

Надад асуулт байна

Вакцинжуулалтын талаар асууж, тодруулах нь зөв алхам бөгөөд өөрийн шийдвэртээ итгэлтэй байх нь чухал юм. Дархлаажуулалтын тухай мэдээллийг онлайнаар авахад заримдаа хүндрэлтэй байдаг тул энэхүү хуудас дээр байгаа холбоосыг ашиглах, эсвэл эрүүл мэндийн мэргэжилтнээс нарийн зөвлөгөө авна уу.

Би өөрийн дархлаажуулалтын түүхээ хэрхэн олж авах вэ?

Та вакцинжуулалтад цаг тухайд нь хамрагдаж байгаа эсэхээ шалгахын тулд эмчтэйгээ ярилцаарай. Мөн дархлаажуулалтын түүхээ Medicare эсвэл myGov, эсвэл Австралийн Дархлаажуулалтын Бүртгэлийн 1800 653 809 утсаар холбогдож авах боломжтой.

Вакцин хэр аюулгүй вэ?

Австралийн Эм, эмийн бүтээгдхүүнийг хянах газраас (TGA) вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө аюулгүй байдлын нарийн шалгалт хийж зөвшөөрөл олгодог. Вакцин хэрэглээнд нэвтэрсний дараагаар ч TGA вакцины аюулгүй байдал дээр байнга хяналт тавьж байдаг. Вакцины аюулгүй байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

Вакцинжуулалтын сөрөг нөлөө юу вэ?

Вакцин хийлгэсний дараах хамгийн түгээмэл гаж нөлөө бол халуурах, бие өвдөх, тариа хийлгэсэн газар хавдах, эсвэл улайх шинж тэмдэг юм. Ихэнх гаж нөлөө хөнгөн хэлбэрээр илэрдэг бөгөөд удахгүй өөрөө арилдаг. Анафилакс зэрэг хүнд хэлбэрийн гаж нөлөө нь маш ховор тохиолддог.

Хэрэв та вакцин хийлгэсний дараах  ямар нэгэн сөрөг нөлөөний талаар санаа зовж байгаа бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчээс зөвлөгөө авна уу.

Бүх вакцинууд 100% үр дүнтэй байдаггүй. Яагаад би вакцин хийлгэх ёстой гэж?

Вакцинжуулалт нь олон нийт, ард иргэдийг өвчнөөс хамгаалах хамгийн үр дүнтэй арга юм. Ямар ч төрлийн эм болон вакцин 100% үр дүнтэй биш боловч, вакцин нь хувь хүнийг болон тэдний эргэн тойрны хүмүүсийг эрсдэлт өвчнөөс хамгаалдаг.

Вакцин хэрхэн дархлаа үүсгэдэг вэ?

Вакциныг тарилга эсвэл ууж хэрэглэдэг хэлбэрээр хийдэг бөгөөд таны дархлааг халдвараас хамгаалах эсрэг биет үүсгэдэг. Ийнхүү таны дархлааны системийн халдварт өртсөн үед хүний биеийн хариу үйлдэл үзүүлэх чадвар сайжирдаг.

Тиймээс өвчин тусахаас өмнө вакцин хийлгэх нь тухайн өвчний ноцтой хүндрэл, амь насны эрсдлээс хамгаалдаг.

Өөрөөрөө дархлаа үүсгэж болох байтал яагаад вакцин хийлгэх ёстой вэ?

Зарим халдвар нь байгалийн дархлаа үүсгэж болох хэдий ч, хөхүүл ханиалга, улаанбурхан зэрэг ноцтой өвчин нь урт хугацааны өвчний хүндрэл, бүр цаашлаад үхэлд хүргэх эрсдэлтэй. Вакцин нь халдварт өвчний аюулаас хамгаалах үр дүнтэй, аюулгүй арга юм.

Өвчин одоо ч байсаар байна уу?

Австралид вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой зарим өвчин, жишээлбэл хөхүүл ханиад, томуу нь одоог хүртэл тархмал байна. Улаанбурхан, сахуу зэрэг өвчин нь Австралид ховор тохиолддог ч Номхон далайн бүс болон Зүүн өмнөд Азийн орнуудад хэвээр тархмал байна. Вакцин нь гадаадаас ирэгсэд, гадаадад аялаад ирж буй хүмүүсийг өвчин авчрах эрсдлээс сэргийлж, халдварт өвчнөөс хамгаалдаг.

Вакцины хуваарь яагаад ингэж хийгдсэн байдаг вэ?

Дархлаажуулалтын хуваарь нь өвчний эрсдэл хамгийн их байдаг насны бүлгүүдийг хамгийн сайн байдлаар хамгаалах зорилгоор нарийн боловсруулагдсан байдаг. Австралийн Дархлаажуулалтын Техникийн Зөвлөх Бүлэг (ATAGI) нь хэзээ, хэнийг вакцинжуулах талаар албан ёсны зөвлөмжийг боловсруулдаг.

Хэрэв би зарим вакциныг хойшлуулах эсвэл хйилгэхгүй байвал яах вэ?

Вакцинжуулалтыг хойшлуулах нь таны болон таны ойр дотно хүмүүсийг халдварт өвчнөөс хамгаалах боломжийг хязгаарлаж, ялангуяа бага насны хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүс зэрэг эмзэг бүлгүүдэд эрсдэл үүсгэж болзошгүй юм.

Нэг удаад нэгээс олон вакцин хийлгэх нь аюулгүй юу?

Зарим вакциныг нэг зэрэг хийж болох бөгөөд жишээ нь 18 сартай хүүхдэд 8 төрлийн халдвараас хамгаалах зорилгоор 3 өөр вакциныг зэрэг хийдэг. Нэг удаа олон вакцин хийх нь аюулгүй бөгөөд дархлааны системд хэт их ачаалал өгдөггүй. Аль аль вакциныг зэрэг хийж болохыг эмч, сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.

Яагаад зарим вакцин насан туршид хамгаалдаг байхад зарим нь тунг олон удаа хийлгээх шаардлагатай байдаг вэ?

Улаанбурхан, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг зарим вакцин нь урт хугацааны дархлаа үүсгэдэг. Харин томуу зэрэг бусад вирус нь цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж байдаг тул одоо тархаж буй вируст тохирсон нэмэлт тунг хийснээр хамгаалалт үүсдэг.

Би өөрөөсөө мөнгө төлөх шаардлагатай вакцин байгаа ю​у?

Улсын болон мужийн төсвийн санхүүжилтээр хэрэгждэг хөтөлбөрт хамрагдаагүй вакциныг шаардлагатай үед хувиараа  худалдан авч болно. Аль вакциныг хувиараа авч хийлгэх боломжтой талаар эмч, сувилагчтайгаа зөвлөлдөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хэрэв танд нэмэлт асуулт байвал эмч, сувилагчтайгаа ярилцах юм уу эсвэл дараах вэбсайтаас мэдээлэл авна уу.


Current as at: Thursday 22 May 2025
Contact page owner: Immunisation